Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны I улирлын эцсийн байдлаар 7,187.8 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор нэмэгджээ.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • “Нийслэл бонд” нэртэй 200 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2026 оны 4 дүгээр сарын 3-наас эхэллээ.
  • Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, тус салбарын хөрөнгө, зах зээлийн хэмжээ ДНБ-ий 26.8 хувьд хүрснийг мэдээллээ.
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2026 оны эхний улирлын эцэст 7.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн талаар Монголбанк мэдээллээ.
  • Санхүүгийн зохицуулах хороонд 2026 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулах тухай мэдэгдлийг нийт 161 ХК ирүүлээд байна.
  • Монголбанк 2026 оны гуравдугаар сард дотоодын зах зээлээс 949.5 кг үнэт металл худалдан авсан талаар мэдээллээ.
  • ОХУ дотоодын бензиний хангамжаа тогтворжуулах зорилгоор экспортын хоригийг долоодугаар сарын 31 хүртэл өргөтгөсөн ч Монгол зэрэг цөөн улсыг уг хоригт хамруулаагүй байна.
  • АНУ-ын эдийн засгийн өсөлт 2026 онд 2.4%, харин 2027 онд 2.1% болж удаашрах төлөвтэй бөгөөд ХНС бодлогын хүүг энэ оны эцэс гэхэд нэг удаа бууруулж магадгүй гэж ОУВС анхаарууллаа.
  • “Тавантолгой” ХК 2025 онд цэвэр ашгаа өмнөх оныхоос 55.7%-иар алдаж, 183 тэрбум төгрөгт хүрсэн нь нүүрсний үнийн огцом уналтаас шалтгаалсан хамгийн сул гүйцэтгэл боллоо.
  • “Jade Gas Holdings” компани Монголын Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслөө урагшлуулахын тулд 1.8 сая австрали долларын хөрөнгө татан төвлөрүүлж, анхны арилжааны зорилгоор байгалийн хий үйлдвэрлэх бэлтгэл ажлуудад зарцуулахаа мэдэгдлээ.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Ти Эм Эл Пластик ХХК
✅ Тогтмол хүүтэй нээлттэй бонд (биржийн зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж

✅ Хүүгийн орлогын татвар: 5%
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):

 • $ 18 сар – 10.0%
✅ Sustainable Fitch ESG ratings: "Excellent"


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,762.08 нэгжид хүрч 2.03 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 7,785 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,071 тэрбум төгрөг болжээ.

  • "Улаанбаатар хивс" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 21.34 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Хаан банк" ХК-ийн ханш -16.86 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

“НИЙСЛЭЛ БОНД”-ЫН АНХДАГЧ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДАВ

НИТХ-ын 25/145, Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу 3 жилийн хугацаатай, жилийн 14%-ийн хүүтэй, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг “Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдаж, нийт 200 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ. Энэхүү бондыг олон нийтэд нээлттэйгээр арилжсан нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт босгох бодит боломж байгааг харуулсан үйл явдал болов. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой Дулааны V цахилгаан станц (ДЦС-5) төслийн эхний үе шатанд зарцуулахаар төлөвлөсөн байгаа юм. Төслийн эхний блокийг 2028 оны I улиралд ашиглалтад оруулах бөгөөд дараагийн блок мөн тухайн онд ашиглалтад орсноор хотын баруун хойд бүсийн дулаан, цахилгааны хангамж нэмэгдэх ач холбогдолтой байна.


Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны I улирлын эцсийн байдлаар 7,187.8 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор нэмэгджээ.

Энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 нь сарын, бараа, үйлчилгээний нийт импортын 5.6 нь сарын хэрэгцээг хангахын зэрэгцээ богино хугацаат гадаад өр төлбөрийг 275%-иар бүрэн даах хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, олон улсад түгээмэл ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж буйг төв банк мэдээллээ.


Монголбанк 3 дугаар сард 949.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс хуримтлагдсан дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 101.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 720.4 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнэд тулгуурлан тогтоодог. 2026 оны 3 дугаар сард алт худалдан авах дундаж үнэ 560,486.32 төгрөг байв.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ГЕОПОЛИТИКИЙН НАЙДВАР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИВ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл эергээр хаагдсан бөгөөд Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцдах эрсдэл буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Nasdaq Composite он гарснаас хойших хамгийн хүчтэй өсөлттэй долоо хоногийг үзүүлэв.


Мягмар, лхагва гарагт индексүүд огцом өссөн ч ерөнхийлөгч Дональд Трампын тодорхой бус мэдэгдлээс үүдэн нефтийн үнэ түр хугацаанд нэмэгдэж, зах зээлд дарамт үзүүлээд байна. Бондын зах зээлд АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.44%-аас 4.31% хүртэл буурч, ХНС-ийн тэргүүн Ж.Пауэллийн инфляцын талаарх зөөлөн өнгө аястай тайлбар дэмжлэг үзүүлжээ.


Хөдөлмөрийн зах зээлийн хувьд шинэ ажлын байрны өсөлт таамгаас давсан ч ажлын байрны нээлт болон ажилд авах түвшин буурсан нь зөрчилтэй дохио өглөө. Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн итгэл хоёр дахь сардаа дараалан сайжирч, үйлдвэрлэлийн PMI өсөлттэй гарсан ч хөдөлмөр эрхлэлт агшиж, үнийн дарамт нэмэгдсэн нь болгоомжлол хэвээр байгааг харуулаад байна.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШОКИЙН ДУНД ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДЛАА

Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлт үзүүлж, STOXX Europe 600 индекс 3.9%-иар нэмэгдлээ. Ойрх Дорнод дахь мөргөлдөөн харьцангуй богино хугацаанд үргэлжилж магадгүй гэх хүлээлт бүс нутгийн хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжив. Томоохон зах зээлүүдээс Итали, Их Британийн индексүүд хамгийн өндөр өсөлт үзүүлж, Германы DAX болон Францын CAC 40 ч мөн эерэг гүйцэтгэлтэй хаагдлаа.


Харин макро эдийн засгийн талаас эрчим хүчний үнийн огцом өсөлт инфляцад нөлөөлж, Евро бүсийн инфляц гуравдугаар сард 2.5% болж нэмэгдсэн нь 2025 оноос хойших дээд түвшинд хүргэв. Үүний зэрэгцээ Германы эдийн засгийн өсөлтийн 2026 оны төсөөллийг эрчим хүчний шокийн улмаас мэдэгдэхүйц бууруулсан нь болгоомжлол төрүүллээ.


Үйлдвэрлэлийн салбарт Испанид PMI агшилттай гарсан бол Шведэд үйлдвэрлэл сэргэж, олон жилийн дээд түвшинд хүрсэн нь орнуудын хоорондын зөрүүг илтгэж байгаа юм. Их Британид үйлдвэрлэлийн идэвх бага зэрэг сулрах ч орон сууцны үнийн өсөлт эрчимжиж, дотоод эрэлт харьцангуй тогтвортой хэвээр байгааг харууллаа.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ЯПОНЫ ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР УНАЛТТАЙ ХААГДЛАА

Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл сул гүйцэтгэлтэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 1.7%, TOPIX индекс 1.0%-иар тус тус буурлаа. Геополитикийн хурцадмал байдал намжиж магадгүй гэсэн найдвараар лхагва гарагт зах зээл сэргэсэн ч АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа ойрын долоо хоногуудад өргөжүүлж магадгүй гэх мэдэгдлийн дараа пүрэв гарагт индексүүд огцом унав. Үүнтэй зэрэгцэн Ормузын хоолойгоор тээвэр хэвийн болох тодорхой дохио гараагүй нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлээд байгаа юм.


АНУ-ын мэдэгдлийн дараа Brent төрлийн нефтийн үнэ огцом өссөн нь Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай Японы эдийн засагт сөргөөр нөлөөлж, зах зээлийн сэтгэлзүйг улам сулруулав. Инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй холбоотойгоор Японы Төв Банк дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай гэсэн хүлээлт зах зээлд хүчтэй тархлаа. Үүнийг дагаад 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.39% болж өсөв.


Иен ам.долларын эсрэг чангарч, валютын зах зээлд спекуляци нэмэгдсэнтэй холбогдуулан төрийн зүгээс интервенц хийх эрсдэл дахин анхаарлын төвд ороод байна. Макро үзүүлэлтүүдийн хувьд Токиогийн суурь инфляц таамгаас доогуур гарч, үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдаа буурсан нь Японы дотоод эрэлт сул байгааг илтгэлээ.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДОТООД СЭРГЭЛТ БОЛОН ГАДААД ЭРСДЛИЙН ДУНД ХОЛИМОГ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХААГДЛАА

Хятадын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. Голлох индексүүд болох CSI 300 индекс 0.53%-иар буурч, Shanghai Composite индекс 0.14%-иар бага зэрэг өссөн бол Хонконгийн Hang Seng индекс 0.66%-иар нэмэгдлээ.


Гуравдугаар сарын PMI үзүүлэлтүүд төрийн болон хувийн хэвшлийн хэмжилтээр нийтлэг сайжирч, үйлдвэрлэлийн PMI 50-оос даван өссөн нь богино хугацаанд эдийн засаг тогтворжих хүлээлтийг дэмжиж байгаа юм. Гэхдээ орцын зардал өсөж байгааг судалгаанууд онцолсон нь сэргэлт жигд бус, ашигт ажиллагаанд дарамт учрах эрсдэл байгааг харуулж байгааг шинжээчид онцоллоо.


Гадаад бодлогын хувьд Хятад, Пакистан улсууд Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг намжаах таван заалт бүхий энхийн санаачилга дэвшүүлж, гал зогсоох болон Ормузын хоолой зэрэг чухал тээврийн замуудын аюулгүй байдлыг хамгаалахыг уриалав. Мөн Хятад улс илүүдэл үйлдвэрлэл, худалдааны хурцадмал байдлыг зохицуулах зорилгоор нарны эрчим хүч, батарей зэрэг цэвэр эрчим хүчний зарим бүтээгдэхүүний экспортын НӨАТ-ын буцаалтыг цуцалж эхэлсэн нь тухайн салбаруудын зардал, ашигт ажиллагаанд дарамт үзүүлэхээр байна.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.04.06 - 04.10

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

ГВУН яаж 7.2 тэрбум ам.долларт хүрэв? Бүрдэл, эзлэх хувийн бүтэц

Монгол Улсын гадаад валютын нөөц (ГВУН) 2026 оны I улирлын эцсээр 7.2 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшний нэг үзүүлэлт боллоо. Оны эхнээс нөөц 182.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь гадаад орчны таатай нөхцөл болон дотоод бодлогын нөлөөллийг харуулж байна.

ГВУН хэрхэн өсөв?

Нөөц өсөхөд хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлөв. Нэгдүгээрт, экспортын орлого, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний валютын урсгал тогтвортой хадгалагдсан. Хоёрдугаарт, Монголбанк үнэт металл (алт) худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь нөөцийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулав. Гуравдугаарт, гадаад санхүүжилтийн урсгал, төсвийн болон төсвийн бус зохистой удирдлага нь валютын зах зээл дэх дарамтыг бууруулж, нөөц хуримтлуулах орон зайг бий болгосон.

ГВУН-ийн бүрдэл ба эзлэх хувь

Гадаад валютын нөөц нь ерөнхийдөө дараах үндсэн бүрдлээс бүрддэг.

  • Гадаад валютын актив – 65%(ам.доллар болон бусад хөрвөх валют дахь хадгаламж, үнэт цаас)

  • Алт, үнэт металл – 25%(Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан алт)
  • ОУВС-тэй холбоотой актив – 10%(SDR болон нөөцийн байршуулалт)

Яагаад чухал үзүүлэлт вэ?

Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг бүрэн хангаж, гадаад шокод тэсвэртэй байдал сайжирсныг илтгэж байна.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | Таны мэдлэгт булан: ГВУН эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөө:

Шууд нөлөө:

  • Валютын ханшийн огцом савлагааг зөөлрүүлнэ: Төв банк зах зээлд оролцох нөөцтэй болж, ханшийн “шок”-ыг бууруулдаг.
  • Импорт, гадаад төлбөр тооцоог тасалдуулахгүй: Шатахуун, эм, тоног төхөөрөмж зэрэг валютын төлбөртэй импортын санхүүжилтийг баталгаажуулна.
  • Гадаад өрийн эрсдэлийг бууруулна: Богино хугацаат өрийн төлбөрийг даах чадварыг нэмэгдүүлж, дефолтын эрсдэлийг багасгана.
  • Зах зээлийн итгэлцэл нэмэгдэнэ: Улсын эрсдэлийн үнэлгээ сайжирч, гадаад санхүүжилтийн өртөг (risk premium) буурах боломж өснө.

Шууд бус нөлөө:

  • Инфляцын хүлээлтийг тогтворжуулна: Ханш тогтвортой байх нь импортын инфляцыг сааруулж, үнийн өсөлтийн дарамтыг багасгана.
  • Мөнгөний бодлогын орон зай нэмэгдэнэ: Төв банк ханшийн дарамтад “шахагдахгүй” тул бодлогоо илүү уялдаа сайтай хэрэгжүүлэх боломжтой.
  • Санхүүгийн системийн тогтвортой байдал сайжирна: Валютын эрсдэл буурч, банк/зээлдэгчдийн валютын дарамт багасна.
  • Бизнес, хөрөнгө оруулалтад эерэг дохио өгнө: Төлөвлөлт хийх тодорхойгүй байдал багасч, хөрөнгө оруулалтын орчинд итгэл нэмэгддэг.

Анхаарах зүйл

     ГВУН өсөх нь эерэг ч боломжийн өртөг (бага өгөөжтэй актив), стерилизацийн зардал (төгрөг татах зардал) зэрэг зардал дагуулж болзошгүй.

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.